Оточ одь

EN MN

Эдгэшгүй гэгдэж байсан өвчнийг минь эмчилсэн

Нийтэлсэн: 2012/07/11

Жанчив би семенарт сууж байтал гэнэт хэвлийн баруун доод хэсэгт ойрхон ойрхон лугших байдал мэдрэгдмэгц эмнэлэгт хандан эхо-д харуулснаар миний энэ өвчин тодорхойлогдож, ачтай тустай П.Баатар эмчтэй уулзах хүртэл би их хүнд хэцүү замыг туулсан юм. 2001 оны 8-р сарын эхээр миний дотны нэг залуухан найз маань утасдаж, “Ерөнхий сайд Н.Энхбаярын урилгаар Дорноговь аймгаас П.Баатар гэж ардын сайн оточ маарамба ирээд өвчтөн үзэж байна. Та хүрээд ир, би түүнд таныг үзүүлээд өгье, тэр хүн бас миний сайн танил байгаа юм” гэлээ. Заасан газарт нь эхнэрээ дагуулсаар очлоо. Үзүүллээ. Судас барьж хэсэг байснаа “Би таны өвчнийг эдгээж чадах юм байна аа” гээд надад 15 хоногийн хугацаанд  өдөрт дөрөвөөр уух 60 тун эм боож, зохих зааварчилгааг өглөө. Тэгээд,”Та манай эмийг уухаасаа өмнө эхо-д сайн харуулж наад хэвлий дэх юмныхаа хэмжээг сайн тогтоолгоорой, тэгээд эмээ уугаарай, хоёулаа эцэст нь хариуцлага тооцох асуудал гарна шүү!” гэж огт тоглосон шинжгүй, өөртөө итгэлтэйгээр хэлсэн нь надад тун ч тааламжтай сонсогдож байж билээ.

Яагаад гэвэл надад энэ өвчин мэдрэгдэж эхэлснээс 8 сарын турш би нэг ч эмчээс би ийм урмын үг сонсоогүй байсан юм. Буцах замд миний найз “П.Баатар эмч ч барин тавин л юм хэлчихлээ дээ, залуу хүн болохоороо зоригтой байдаг юм болов уу даа, за яадаг ч байсан хэлснээр нь үзээд алдана шүү” гэж намайг зоригжуулж байлаа. Маргааш нь 2001 оны 8 дугаар сарын 6 -ны өдөр би Нансалмаа эмчдээ очиж эход харуулж өвчнийхөө хэмжээг тогтоолголоо. Нөгөөх үүсгүүр маань байршилдаа 12.4х6.8 см болж томорсон байв. 

Тэгээд л П.Баатар эмчийн зааврын дагуу эмээ ууж эхэллээ. Өглөө 9.00 гэртээ, өдөр 12.00 ажил дээрээ, орой18.00 ажил дээрээ, унтахын өмнө10.00 гэртээ гэх мэтээр ууна. 15-30 хоноод Баатар эмчид үзүүлнэ. Эмүүдээ нэмж авна. Хар, цагаан, хүрэн, ногоовтор янз янзын эмийг жилийн турш уусан. Эм ууж эхэлснээс хойш 2 сар арай болоогүй байхад буюу 2001 оны 10 дугаар сарын 31 өдөр Нансалмаа эмчдээ очиж эхо-д харуултал үүсгүүрийн хэмжээг дахин тогтоож 8.4 х 11.4 см,  6.0 х 6.8 см гэсэн хоёр хэмжээ тавьж өгсөн нь 8 сард үзүүлж  байснаас багассан ч юм шиг санагдаж надад найдлага төрж эхэлсэн билээ.

Урам орсоор, эмээ уусаар л байв. Өвөл 2001 оны 11 –р сарын дундуур гэнэт айхтар халуурлаа. Шинжилгээ өглөө. Бөөр өвчилсөн гэлээ. ЧД –ийн эмнэлэгт 11-р сарын 16 –наас 23 ныг хүртэл хэвтлээ. Энэ хугацаанд 11-р сарын 20 ны өдөр Нансалмаа эмчдээ очиж эход харууллаа. Үүсгүүрийн хэмжээ 7.5 х 11.5 см болж арай л багассан ч юм шиг байлаа. Дүүргийн эмнэлэгт хэвтээд халуун ч буурсангүй, бие ч сайжирсангүй. Арга буюу эмнэлгээс гарлаа. Халуунтай чигээрээ Дорноговь руу П.Баатар эмчээ зорилоо. Эмч маань сайтар нягталж үзээд надад туссан өвчин, түүний үүсэл, шалтгаан болон түү­нийг эмчилж эдгэрүүлэх арга барилынхаа та­лаар дэлгэрэнгүй ярьж өгснийг дор сийрүүлье.

-9 төрлийн брой байдаг. Таны өвчин бол нямбрай гэдэг өвчин. Анх хүнтэйгээ хамт төрсөн байж болно. Сүүлд үүссэн байж ч болно.  Онош нь: Цус бохирдлоос бөөрнөөс их хэмжээний уураг алдагдаж, үүнээс болж полип үүсчээ. Үүссэн шалтгаан нь: Анх баруун бөөрнөөс үүссэн байна. Олон жилийн өмнө бөөрний судал гэмтэл авч их хэмжээний уураг алдан, цус хордож, цусны бүтцэд  өөрчлөлт орон хий хурж, хэвлийд фремент хуралдсанаас болсон байна.

Мэс засал хийж хэвлийн хөндийг нээснээс болж  хий хуралдаж  бөөрний хийг үймүүлэн, бөөрнөөс фермент шүүрэн гарч тэр нь цэлцэгнүүр болж хувирсан байна. Миний эмийг уусны дараа суурь өвчин хөдөлгөж байгаа нь эмчилгээ зөв явагдаж байгааг харуулж байна. Бүрэн эдгэнэ гэж үзэж байна.  Бөөрийг барьж эмчилнэ. Хорыг нь гадагш татаж эмчилнэ. Гар заслаар ирэх хавар бөөрийг самнана. Үүгээр хийг гаргана. Бөөрөнд зэс бумба тавьж  ферментийг соруулаад цус гаргаж гадагшлуулна. Ингэхэд хортой цус нь  гадагшилж, эд эс сэргэнэ. Арьс махны завсар хий шар ус  хурснаас цэлцэгнүүр  үүсдэг, түүнийг арилгана. Дахин операци хийсэн тохиолдолд дахин ургуулахгүй байх боломж бүрэн бий. Үүсгүүр дахин ургаад байгаа нөхцлийг бүрдүүлэгч гол зүйл нь бөөрний  фремент байна. Бөөрний орчмоос муу цусыг заавал гаргаж байж бузар арилна. Киста-г амжилттай ширгээж байгаа. Эмэнд дийлдэхгүй бол операцанд ороод дахин ургахгүй нөхцөлийг хангана. Цаашдаа ханах, хатгах, шивэх, хөхүүлэх, гар заслын арга бас байна. Европ шинжилгээнд тулгуурлахгүй.  Бузрыг арилгана. Газар лусын бузрыг номоор эмчилнэ. Анх хөндлөнгийн бузраас болж олгойгоо авхуулсан байна. Энэ үед номын аргаар шийдэх асуудлыг 100% орхигдуулсан байна. Таны өвчнийг би шүнгийн ном, нууц увидсын номоор  эмчилж байна. Одоо байгаа өвчнийг өтгөрүүлж ургуулахгүй байх чиглэлийг барьж байна Доржнамжимын жавтий гэдэг номыг гэлэн хүнээр хоёр удаа тавиул. Див бузартай холбоотой. Ширнэн дөвгөдөш гэдэг номыг 9 удаа уншуул. Дорждэрэм гэдэг номыг насны тоогоор уншуул. Мах цус бие хямарсан үед уншуулдаг. Сайн хүнээр Дуламжины жавтий тавиул. Рашааны нь хоол унд идэхийн өмнө сайн хэрэглэж бай. Хоносон хоол, иссэн тараг, айраг, гашуун зүйл идэж ууж болохгүй. Давсгүй цай уу. Их давс нь бөөрөнд байгаа хүчлийг ихэсгээд цусны судасны ханыг нарийсгадаг. Жимсний зүйл, амтлаг зүйл, чихэр их идэж бай гэлээ.

 

Баатар эмчийн багш лам, Сүхбаатар аймгийн Түвшинширээ  сумын “Доплин” хийдийн гэсгүй, зоч лам Д.Самбалхүндэвийн айлдвар:

П.Баатар эмчид үзүүлэхээр Дорноговьд очиход гэрт нь нэгэн настай лам хүн сууж байсан нь Түвшинширээ сумаас ирсэн энэхүү зоч лам байж билээ. Багш ламд бараалхаж асуух зүйлээ асуу гэж Баатар эмч надад сэмхэн зөвлөхөд нь би түүнтэй уулзсан юм. Жаахан дүвчиндүү гэмээр надад санагдсан ч үнэн үгтэй хүн байж билээ. Ламтан надад: ”Гэрээ аравнайлуул. Сайн, үнэн голоосоо шүтэж бай. Нэг их юм тоодгүй царайлаад байх хэрэггүй. Лүй-огийн-мийн, жандал гэдэг номыг насны тоогоор уншуул” гэсэн юм. Лам багш надад сан тавьж, адис өгч билээ.

2001 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хэт авиа оношлогооны их эмч, Анагаах ухааны доктор профессор, МУ-ын гавъяат эмч Г.Амгалан эхо-д хараад дараах дүгнэлтийг гаргалаа.

“… Бөөрний дор 5.5 х5.4 см хэмжээний таславчтай уйланхай харагдана” гэсэн нь Улаанбаатарт 9 хоногийн өмнө харуулж байснаас мэдэгдэхүйц багссан байлаа. Ийнхүү П.Баатар эмч маань зөвхөн өөрөө ч биш АУДС –багш, өөрийнх нь багш зөвлөх эмч Х.Цэрэндорж, Эхо-ны эмч Г.Амгалан нар гээд аймгийн урдаа барьдаг эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан багаар үзлэг хийж, Сүхбаатар аймгаас ирсэн, өөрийн багш гэх Д. Самбалхүндэв хэмээх зоч ламаар ном айлдуулж, өөрөө 8 төрлийн эм тугнан өгч яаж хэрэглэх дэлгэрэнгүй заавар зөвлөгөө өгсөн билээ.

Улаанбаатартаа ирлээ. Эмээ үргэлжлүүлэн ууж, заслын номыг ч уншуулж байлаа. Эхо ойлт: 2001 оны 12 дугаар сарын 17 –ны өдөр 4.8 х 9.2 см, 2002 оны 1-р сарын 28 –ны өдөр 4.4 х7.4 см 2002 оны 4-р сарын 4 –ний өдөр 8.6 х 4.6 см болж багассаар, би урам орсоор.

2002 оны 5 дугаар сард Өмнөговь, Дундговь томилолтоор 20 хоног ажиллаж энэ хугацаанд эмээ уусаар л байв. 2002 оны 8-р сарын сүүлчээр Алтайн цаадах говиор аялах томилолтод манай удирдлагууд нутгийн хүн гээд намайг авч явах болов. Явахын өмнө эмчид үзүүлж эхо-д харуулаад зөвлөгөө авлаа. 8 дугаар сарын 23 -ны өдөр харуулахад 4.1 х 6.0 гэсэн хэмжээтэй байгааг эмч үзэж тогтоогоод, нутаг руугаа яваад ирэхэд алзахгүй биз дээ гэлээ. Онгоцоор Алтайдаа бууж, говиор эмээ уусаар 10 гаруй хоног машинаар явлаа. биед ямар ч зовиургүй сайхан явсан. Тахийн шар талаар давхиж 1000 хулангийн тоосонд орж хийморио сэргээлээ. 9-р сарын эхээр буцаж ирлээ. Эмээ уусаар. 10 сард ээлжийн амралтаа авлаа. 2002 оны 10 дугаар сарын 9 -ний өдөр Балжинням, Дашнямтай онцгой сайн өдөр байсан бөгөөд энэ өдөр эхо-д харуулахаар Нансалмаа эмчээ зорьж очоод харуултал ямар эхо ойлтгүй болсныг эмч маань хэлэхэд нь би бөөн баяр болж П.Баатар эмчдээ тэр дор нь утас залгаж баяр хүргэсэн билээ. Тэгэхэд П.Баатар эмч маань Хэнтий аймагт хүн ардынхаа эрүүл энхийн төлөө явж байж билээ.

Жилийн дараа 2003 оны 8 дугаар сарын 19 –ний өдөр үзүүлэхэд “В брюшной полости не обнаружено очаговых измнений” гэж картан дээр минь бичээд Нансалмаа эмч маань танил болсон гарын үсгээ зурж өгсөн билээ. Үүнээс хойш ажлын газар маань биднийг жил бүр нэг удаа эмнэлгийн бүх төрлийн шинжилгээнд хамруулах болж би жил бүр нэг удаа эмнэлгийн эхо-д харуулахад хэвлийн хөндийд юу ч байхгүй болсныг дахин дахин нотлосоор, 2007 оны сүүлчээр 60 насныхаа босгыг алхсан би эв эрүүл хүн одоо ажлаа хийгээд гялалзаж явна даа.

Ингэж энэ ачтай, буянтай хүний буянаар би гэдэг хүн анагаах ухааны томчуулын эдгэшгүй гэж оношилж байсан өвчнөөсөө бүрмөсөн салж одоо өвдөх өвчингүй эрүүл саруул явж байгаадаа Баатар эмчдээ талархаад баршгүй. Миний ажлын газрынхан намайг эдгээсэн энэ эмч рүү цувах болсон ба эмийг нь авч уухад онц зохимжтой байдаг гэж ярьцгаадаг юм. Намайг эдгэшгүй өвчний хар аюулаас аварсан П. Баатар эмчид миний эхнэр Д. Цэвэгмид, 3 хүү, 3 охин, хүргэн, бэрүүд, ач зээ нар миний өндөр настай ээж М. Лхамноржмаа, бүх ах дүүс, тэдний үр хүүхдүүд, миний ажлын газрын хамт олон, олон сайхан найз нөхөд маань нэн их талархалтай явдгийг энэ ялдамыг ашиглан онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.